Sonin hachin zuils ee gej...

Хувийн санхүүгээ авч явах 12 тулгуур элемент

Олон хүний хувьд орлогын өндөр түвшинд хүрнэ гэдэг хийж буй сонголтынх нь үр дүн байдаг. “Хэрэв та өөрийн санхүүг гартаа оруулахгүй юм бол та өөрөө түүний гарт орно шүү”. Америкийн агуу их философич Ёоги Беррагийн хэлсэнээр, хүн бүрт төлөвлөгөө хэрэгтэй. Хэрвээ бид төлөвлөгөөгүй явбал хүсээгүй газраа, хүсээгүй байр суурин дээр оччихсон явж байж магадгүй юм.
Амьдралын зорилго юу ч байж болно. Мөн аз жаргалыг хүн хаанаас ч мэдэрч болно. Гэр бүл, найз нөхөд, шашин шүтлэгийн итгэл бишрэл, хобби гэх мэт. Гэвч энэ бүхнийг гүйцэлдүүлэхэд, аз жаргалыг мэдрэхэд хөрөнгө баялаг зайлшгүй хэрэгтэй. Эд баялаг ихтэй бол ямар ч зорилго, хүсэл тэмүүлэлтэй байлаа гэсэн түүнд хүрэхэд илүү хялбар байх болно.  
Хувийн санхүүгээ авч явах 12 түлхүүр элементийг Жеймс Гуартни, Ричард Строуп, Дуайт Ли нарын хамтран бичсэн “Эдийн засаг энгийнээр” номонд ийн нэрлэжээ:
1.     Өөрийн харьцангуй давуу талаа олж тогтоо.
2.     Шинийг эрэлхийлэгч бай.
3.     Олсон орлогоо дуустал бүү зарцуул.
4.     Аливаа зүйлийг түүний жам ёсны хугацаанаас нь илүү бүү санхүүжүүл.
5.     Та мөнгөөрөө хамгийн их зүйл хийж болох хоёр арга зам байна. Зээлийн картны өрнөөс зайлсхийж, хэрэглэж байсан зүйл худалдан авч байх талаар бодож үз.
6.     “Бодит ертөнцийн” хадгаламжийн дансанд сар бүр мөнгө хийж эхэл.
7.     Хадгаламжийн нийлмэл хүүний хүчин чадлыг ашигла.
8.     Төрөлжүүл – Бүх өндгөө нэг саванд бүү хий.
9.     Индексжүүлсэн үнэт цаасны хөрөнгийн компаниуд хэт их эрсдэл дагуулахгүйгээр экспертүүдээс илүү танд тусална.
10.Үнэт цаасанд урт хугацааны зорилготойгоор хөрөнгө оруулалт хий. Мөнгө хэрэгцээтэй болох үе ойртоод ирэхээр хөрөнгө оруулалт дахь бондын эзлэх хувийг нэмэгдүүл.
11.Маш бага, эсвэл бүр эрсдэлгүй гэх, өндөр ашиг амласан хөрөнгө оруулалтын сүлжээнээс болгоомжил.
12.Яаж мөнгө олох, хэрхэн ухаалгаар зарцуулах талаар хүүхдүүддээ зааж өг.
 
1.     Өөрийн харьцангуй давуу талаа олж тогтоо. Та өөрийн харьцангуй давуу талтай ажил хөдөлмөр, бизнес үйл ажиллагааг илрүүлэн олж, түүгээрээ төрөлжих нь та абсолют байдлаараа ямар ч сайн байснаас үл хамааран, бусад тохиолдлоос илүү мөнгө олоход тань тусална. Та өөрийн ажил мэргэжил дээрээ өсөх асуудлыг гартаа аван шийдэж, авъяас чадвараа яавал илүү хөгжүүлэх вэ, зах зээлийн хамтын ажиллагааны боломжийг өөрийн зорилгоо биелүүлэхэд яаж ашиглах вэ гэдгийг бодож тодорхойлох хэрэгтэй. Таны харьцангуй давуу талтай ажил мэргэжлийн боломжуудыг нээн гаргахад та юуг илүү сайн хийдэг вэ гэдгийг тодруулах нь хангалттай бус. Үүнд бас таны ашиг сонирхолд нийцэж, таны хүслийг дээд зэргээр биелүүлэх тийм бүтээлч үйл ажиллагааг олж тогтоох ажил орно. Та хийж буй ажилдаа сэтгэл хангалуун байж, ажлаа чухал гэдэгт итгэж байгаа бол ажлаа илүү бүтээлч, илүү сайн хийхдээ жаргалтай байх болно.
2.     Шинийг эрэлхийлэгч бай. Сонголтын үр дүн бидний санхүүгийн амжилтаар илэрдэг. Хэрвээ санхүүгийн амжилтанд хүрэхийг хүсвэл та шинийг эрэлхийлэн тунгааж бодох хэрэгтэй. Өөр маягаар хэлбэл, бусдын өндрөөр үнэлдэг зүйлийг нь бий болгохын тулд өөрийн авъасаа хэрхэн хөгжүүлж ашиглах вэ гэдэгт анхаарлаа төвлөрүүлэх ёстой. “Өртөг зардалтай нь харьцуулахад өндрөөр үнэлэгдэх бараа, үйлчилгээг бусдад хүргэх нь санхүүгийн амжилтын түлхүүр юм”. Хувиараа ажил эрхлэгч бизнесменүүд Америкийн саятнуудын дотор тэнцвэргүй байр суурь эзэлдэг байна. Статистик тоо баримтаас үзвэл, тэд ажиллах хүчний тавны нэгийг эзэлдэг боловч саятнуудын гуравны хоёрыг бүрдүүлж байна. Тэдний санхүүгийн амжилт нь дөрвөн үндсэн зүйлээс урган гарч байна:
a.      Шинийг эрэлхийлэх авъяас чадвартай. Шинэ сэдлийн бүтээгдэхүүн, зардал хэмнэсэн үйлдвэрлэлийн арга, бусдын олж хараагүй ашигтай боломжуудыг нээн илрүүлэх чадварыг нь хэлээд байгаа юм.
b.     Хувиараа бизнес эрхэлнэ гэдэг ажлын байран дээр ажиллахаас илүү эрсдэлтэй бөгөөд их эрсдэл, их ашиг орлого хоёр хамтдаа явдаг юм.
c.     Тэд хуримтлал их хийдэг учир баялаг нь нэмэгддэг.
d.     Бизнес эрхлэгчдийн ажлын цаг нь угаасаа урт байдаг.
Нөгөө талаас заавал хувиараа бизнес эрхлэх албагүй бөгөөд албан байгууллагын ажиллагсад ч шинийг эрэлхийлэгч бизнес хүмүүс шиг сэтгэснээр илүү амжилтанд хүрч болно. Хөлсний ажил эрхлэгчдийн цалин хөлс одоогийн болон цаашдын ажил олгогчдод өөрсдийгөө үнэ цэнэтэй байлгах чадвараас нь хамаарах болно. Хэрэв тэд өндөр цалин хөлс авдаг болъё гэвэл өөрсдийн авъяас, мэргэшлийн ур чадвар болон бусад хүмүүсийн өндөр үнэлдэг ажлын арга барилыг хөгжүүлэх хэрэгтэй.
3.     Олсон орлогоо дуустал бүү зарцуул. Хуримтлал бий болгох байнгын хөтөлбөрийг өнөөдрөөс эхэл. Яг одоо хэмнэж эхэлвэл илүү хуримтлал бий болгож чадах нь тодорхой шүү дээ. Гэтэл ихэнх хүмүүс одоогийн орлого маань хэрэгцээнд арай чүү хүрч байхад, хэмнэх гэдэг байж болшгүй юм. Дараа орлогоо нэмэгдүүлээд ирэхээрээ л тодорхой хувийг нь хуримтлуулж эхэлье гэж боддог. Гэтэл орлого ихтэй, хэмнэлт их хийдэг хүмүүс орлого нь бага байх үеэс л эхлээд хуримтлуулж эхэлсэн байдаг. “Хэрэв хүн 10 000 төгрөгний орлого олоод түүнийхээ 9999-г нь зардаг байвал тэр аз жаргалтай явна. Хэрэв хүн 10 000-аас ганц мөнгө ч гэсэн илүү зарна гэх л юм бол үүрд зол жаргалгүй болно.” Чарльз Диккенд, Дэвид Копперфильд.
4.     Аливаа зүйлийг түүний жам ёсны хугацаанаас нь илүү бүү санхүүжүүл. Та 4 жилийн хугацаатай зээл аваад түүгээрээ 2 жилийн дараа эвдрээд зогсчих хуучин автомашин худалдан авбал юу болох вэ? Үүнтэй адил аливаа эд хөрөнгийг эдэлгээний хугацаанаас нь илүү урт хугацаагаар санхүүжүүлэх нь ирээдүйд таныг өнгөрсөн сэтгэл ханамж, тухайн үеийн хүслийнхээ төлөө төлбөр хийхэд хүргэх болно. Энэ нь бас таныг олж буй орлогоосоо илүү зарлага гаргахад хүргэнэ. Харин авсан эд бараагаа эдэлж дуусахаас өмнө зээлсэн мөнгөө төлж байвал зээлээр бараа авах нь үр дүнтэй. Үүнд, айл өрхүүдийн орон сууц, автомашин, боловсролд зориулан авсан зээлүүд эерэг үр дүнтэй гардаг. Учир нь эдгээр бараанууд эдэлгээ урттай. Худалдаж авахдаа зээлсэн мөнгийг нь эргэж төлсний дараа урт удаан эдэлгээтэй эд хөрөнгө нэмэлт орлого авчирсаар, эсвэл үнэ цэнэтэй үйлчилгээ үзүүлсээр байдаг.
5.     Та мөнгөөрөө хамгийн их зүйл хийж болох хоёр арга зам байна. Зээлийн картны өрнөөс зайлсхийж, хэрэглэж байсан зүйл худалдан авч байх талаар бодож үз. Банкны картуудтай харьцдаг хүнд зөвлөхөд зээлийн картаар ихэнхи үйлчилгээгээ авч байснаас, хадгаламж нээлгээд түүнийхээ хүүгээр үйлчилгээгээ аваад байж болох юм. Учир нь зээлийн картын эрхийн үлдэгдэл бол ердөө л таны зээл авах боломжийн хэмжээг л харуулж байгаа бөгөөд таны баялгийг нэмэгдүүлэхгүй, таныг мөнгөөр нэмж хангахгүй. Зээлийн карт хэрэглэхэд амар зүйл боловч муу занд сургадаг бөгөөд зээл авах өртөг ихтэй арга зам болдог. Мөн мөнгөө зөв зарцуулах хоёр дахь арга зам нь таны хэрэгцээг бараг л шинэ юм шиг хангаж чадах эдэлж байсан хуучин эд юмс худалдан авч байх явдал юм. Шинэ барааг худалдаж авсаны дараа шууд л элэгдэл хорогдолд орж, үнэ цэнэ нь даруй буурч эхэлдэг. Эдэлж байсан зүйл буюу өнөөгийн хар яриагаар бол өмнө нь эзэнтэй байсан зүйлийг худалдан авч хэрэглэх нь ихээхэн хэмнэлт бий болгодог.
6.     “Бодит ертөнцийн” хадгаламжийн дансанд сар бүр мөнгө хийж эхэл. Өөртөө санхүүгийн хамгаалалт бий болгох хэрэгтэй. Жишээ нь айл гэрт гэнэтийн зардлууд маш ихээр гарч, тэдгээр нь ихээхэн зардал чирэгдэлтэй учруулдаг. Үүнээс сэргийлж сар бүр бодит ертөнцийн хуримтлал буюу санхүүгийн хамгаалалтаа бий болгож байх нь зүй. Үүнд зориулсан дансанд байгаа мөнгө тань нэмэгдээд л байвал та заримыг нь өөр зорилгоор ашиглах юм уу, эсвэл тэтгэврийн хуримтлалдаа шилжүүлж болно шүү дээ.Энэ бол “мөнгө таныг мэдэх” –ийн оронд “та мөнгөө мэдэх” гэдэг утга учрын чухал элемент юм.
7.     Хадгаламжийн нийлмэл хүүний хүчин чадлыг ашигла. Хуримтлалыг эртнээс бий болгох хоёр дахь үндсэн давуу тал. Асар их зүйлийг хэмнэж, бас нөөц бололцоогоороо их баялаг хуримтлуулна. Нийлмэл хүү гэдэг таны дансны хүүнд бас хүү тооцох тухай л юм. Та энэ жил хадгаламжийнхаа хүүг ашиглаагүй бол дараа жилийн хадгаламжийн хэмжээн дээр нэмэгдэн, улмаар хүүний хэмжээг ч нэмэх юм. Дараа жил ийм маягаар байвал та хүүний хүүний хүү гэх мэтчилэн аваад л байх болно. Хэдий чинээ их хэмнэж хураана вэ, төдий чинээ хурдцаар нийлмэл хүү таны баялгийг арвижуулах юм.
8.     Төрөлжүүл – Бүх өндгөө нэг саванд бүү хий. Хүмүүс санхүүгийн хувьд ихээхэн боломжтой болмоор байгаа бол хуримтлуулсан мөнгөө хангалттай ашиг өгөхүйц хөрөнгө оруулалт болгох хэрэгтэй. Үнэт цаас эзэмших эрсдлээ бууруулахын тулд диверсификацийн замаар буюу хоорондоо холбоогүй олон тооны компанийн хувьцааг эзэмших замаар багасгаж чадна. Нилээд урт хугацаанд, тухайлбал 30-35 жилийн туршид олон төрөл ангийн үнэт цаас барьж байх, эсвэл шинээр байнга нэмж худалдан авч байх хэрэгтэй. Үнэт цаасыг янз бүрийн төрөл ангиар эзэмшиж байснаар өндөр ашиг олох бөгөөд ашгийн хувь хэмжээ хэлбэлзэх нь харьцангуй бага байх болно. Түүхэнд өнгөрсөн 200 жилийн хугацааны дунджаар мөнгөний ханшны уналтыг хасаж тооцоход корпорацийн хувьцаа жилд ойролцоогоор 7 хувийн бодит ашиг өгчээ. Үүнтэй харьцуулахад, бондын бодит ашиг 3 хувь байсан байна. Харин нэг л компанийн хувьцааг худалдаж авах нь таны санхүүгийн орлого нэг л байгууллагын ажлын амжилтаас ихээхэн хамааралтай болоход хүргэнэ. Иймээс аль болох өөр хоорондоо хамааралгүй олон компанийн хувьцааг эзэмших хэрэгтэй. Ер нь бол санхүүгийн зах зээлийн болон үнэт цаасны зах зээлийн бусад хэрэгслүүдтэй харьцуулахад хувьцааны нэрлэсэн ашгийн хувь хэмжээ их байдаг ба үүнд корпорацийн үнэт цаасных бүр илүү гэдгийг хэлж байна.   Түүнчлэн өөр хоорондоо хамааралгүй олон байгууллагын хувьцааг эзэмшсэнээр зах зээл, мөнгөний ханш, улсын эдийн засгийн зогсонги байдал зэрэг хүчин зүйлүүдийн нөлөөгөөр гэнэтийн алдагдалд хүрэхээс сэргийлэх юм. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн зогсонги байдал зарим компанид муугаар нөлөөлж байхад заримд нь сайнаар нөлөөлж, ашиг авчирч байдаг. Эдийн засгийн тэлэлт ч мөн адил заримд нь эерэг, заримд нь сөрөг нөлөө үзүүлнэ. Жишээ нь, нефтийн үнэ буурахад нефтийн салбарын компаниудын ашиг буурч, харин онгоцны түлшний үнэ буурсанаар агаарын тээврийн салбар дахь ашиг өндөр болдог. Иймээс олон төрлийн байгууллагын үнэт цаас эзэмших нь юунд хэрэгтэй болохыг ойлгож авсан гэдэгт найдаж байна.
9.     Индексжүүлсэн үнэт цаасны хөрөнгийн компаниуд хэт их эрсдэл дагуулахгүйгээр экспертүүдээс илүү танд тусална. (Үнэт цаасны зах зээл өндөр хөгжсөн орнуудад энэхүү индексжүүлсэн үнэт цаасны тухай ойлголтыг ярьдаг. Манай оронд бусад орнуудтай харьцуулахад харьцангуй цөөн төрлийн үнэт цаас, бонд, брокер дилерийн болон бусад үнэт цаасны хөрөнгийн компаниуд байдаг. Гэхдээ энэ тухай товч мэдээлэл хүргэе.) Хөрөнгөө арвижуулах сонирхолтой хүн бүр үнэт цаасны зах зээлд оролцож, хангалттай амжилт гаргах боломжгүй юм. Энэ нь тун их судалгаа, мэдлэг, магадлал шаардсан байдаг ба ердийн хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн сайн хувилбар нь өөрийн урт хугацааны хуримтлалын дийлэнх хэсгийг индексжүүлсэн үнэт цаасны хамтын санд оруулах явдал юм. Индексжүүлсэн сан гэдэг нь хамтын сангийн нэг тусгай төрөл бөгөөд санхүүгийн тодорхой биржийн индексийн хөдөлгөөн, эсвэл зах зээлийн нөхцөл байдлаас үл хамаарсан өмчийн үл хөдлөх зарчмуудын багцыг автоматаар даган мөрдөж байдаг байна. Энэ санг ажиллуулахад зардал бага ордог, их олон судалгаа үнэлгээ шаарддаггүй бөгөөд дундаж ашиг нь ч бусад удирдлагад тулгуурласан сангуудаас илүү байдаг. Үнэт цаасны зах зээл дээр үйл ажиллагаа явуулах нь урьдчилан тооцоолохын аргагүй, тогтворгүй. Жишээ нь, 1980-аад онд эхний 5-н байранд орж байсан топ сангууд, 1990-ээд он гэхэд 1100-аад байранд ортлоо унасан байх үзэгдэл цөөнгүй. Үнэт цаасны зах зээл түүхийн туршид хөрөнгө оруулалтын бусад ангиллыг бодвол илүү их ашигтай байж ирсэн бөгөөд индексжүүлсэн сан нь аль нэг үнэт цаас юм уу, тодорхой хамтын санг сонгох гэж үйлээ үзэлгүй тийм их ашиг боломжийг ердийн хөрөнгө оруулагчид олгодог юм.
10.   Үнэт цаасанд урт хугацааны зорилготойгоор хөрөнгө оруулалт хий. Мөнгө хэрэгцээтэй болох үе ойртоод ирэхээр хөрөнгө оруулалт дахь бондын эзлэх хувийг нэмэгдүүл. Өөрийн санхүүгийн ирээдүйд санаа тавьдаг хүмүүс орон сууцны урьдчилгаа төлбөр, хүүхдүүдийнхээ дээд сургуульд сурах зардал, тэтгэвэрт гарах үе зэрэг тодорхой зорилготой мөнгө хурааж, хөрөнгө оруулалт хийдэг. Эдгээр зорилго тус бүрт зориулсан тусдаа хуримтлал юм уу, үнэт цаасны багц бий болгох нь ухаалаг алхам бөгөөд үнэт цаасанд тулгуурласан төлөвлөлтийн хувьд, төлөвлөгөөгөө яс баримтлах, зах зээлийн өсөлт, уналтыг даван гарах чадвар байх ёстой. Тодорхой зорилго, цаг хугацаанд үнэт цаас эзэмших замаар хөрөнгө оруулалт хийсэн бол, танд бэлэн мөнгө хэрэгтэй болох цаг дөхөж ирэхэд хөрөнгөө үнэт цааснаас бондын зах зээл рүү аажмаар шилжүүлэх нь эрсдлийг тань багасгана. Ингэснээр та үнэт цаасныхаа нилээд хэсгийг зах зээл дээр хэвийн бус бага үнээр зарах шаардлагаас зайлсхийж чадах юм. Харин бонд эзэмшихэд гардаг хамгийн том эрсдэл бол мөнгөний ханшны уналт буюу инфляци юм. Мөн танд мөнгөний хэрэгцээ гарах тэр үед хугацаа нь дуусч байх бонд худалдан авах нь зүйтэй. Ахиад хэлэхэд, мөнгө хурааж хуримтлуулах ажлаа аль болох эрт эхлэх нь чухал юм шүү. Дүгнэж хэлэхэд, үнэт цаасны хэлбэрээр хөрөнгөө өсгөх нь ашигтай боловч үнэт цаасны зах зээл маш тогтворгүй. Тиймээс хөрөнгө оруулагч эрсдлийн даван туулах чадвартай байх хэрэгтэй бөгөөд танд бэлэн мөнгө чинь хэрэг болох хугацаа ойртмогц хөрөнгөө аажмаар бондын зах зээл рүү шилжүүлж, эрсдлээс хамгаалах нь зөв хэрэг болно. Учир нь бондын зах зээл 10 жилээс бага хугацаанд тогтворгүй байх нь ерөнхийдөө бага байдаг онцлогтой.
  
11. Маш бага, эсвэл бүр эрсдэлгүй гэх, өндөр ашиг амласан хөрөнгө оруулалтын сүлжээнээс болгоомжил. Энэ тал дээр сайн анхаарах хэрэгтэй. Ямар нэгэн төсөл санхүүжүүлэх мөнгө хайж байгаа хэн боловч юуны өмнө зардал багатай мөнгөний эх сурвалж, арга замыг сонгон ажилладаг. Эрсдэл багатай, ашиг өндөр гэх санал нь банкны зээлдүүлэгч, хөрөнгө оруулалтын бусад мэргэжилтнүүдийн сонирхлыг амархан татна. Хэрэв өртөг багатай санхүүжүүлэгч олдож байвал, зориуд хөрөнгө оруулагч хайж, ашгийн өндөр хувь санал болгох нь утга учраа алдана. Харин тийм биш бол тэрхүү төсөл нь бизнесийн санхүүжилтийн ердийн эх сурвалжийн хүлээж авах хэмжээнээс илүү их эрсдэлтэй байх нь бараг л тодорхой. Тийм эрсдлийг та өөртөө авах уу? Үүнтэй холбоотойгоор дараах зөвлөгөөг өгье:
 
-         Таны мөнгийг олж авахын тулд юу ч хийхэд бэлэн тийм хөрөнгө оруулалтын маркетинг хайгчид байж л байдаг. Тэднээс болгоомжлох хэрэгтэй.
-         Босгосон хөрөнгөө хамгаалж чаддаг тийм талуудтай л зөвхөн ажил хэрэг ярьж болно.
-         Утас, эсвэл цахим шуудангаар санал болгож буй хөрөнгө оруулалтын урхинд бүү ор.
-         Таныг хурдан шийдвэр гаргахын шахаж шаардахад бүү автагд.
-         Хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахдаа найз нөхдийн нөлөөнд бүү ор.
-         Хэт их шахаж шавдуулсан маркетингтай учирвал хадгаламжийн дэвтрээ аваад шал эсрэг зүгт нь ажилла.
 
12. Яаж мөнгө олох, хэрхэн ухаалгаар зарцуулах талаар хүүхдүүддэ зааж өг.  Ерөнхий амжилт болон санхүүгийн амжилт 2 ер нь хамт явж байдаг бөгөөд хүүхэддээ зааж зөвлөн, насны эртэд мөнгө олох, хурааж хуримтлуулах замд оруулах нь нэг арга юм. Залуу хүмүүст хариуцлагын талаар зааж сургах хамгийн чухал аргын нэг нь мөнгийг яаж олдог тухай мэддэг болгох юм. Тэдэнд өдөр бүр халаасны мөнгө өгч байхаар аливаа амжилтынх нь шагнал болгон өгч бай.Мөн хүүхдүүдэд хэмнэх ойлголт өгөхийн тулд хувцас худалдаж авах мөнгийг нь өөртсдөд нь өгөөд, харин илүү хямд хувцас аваад илүү гарсаныг нь өөртөө үлдээж болох нэг хувилбарыг сануулан хэлээрэй. Мөнгөө зарцуулах ухаанд нь хэмнэлт, хуримтлуулах гэсэн ойлголтыг нэмж өгөх нэг арга нь юм. Мөн хүүхдэдээ хариуцлагыг нь ухамсуурлуулан сайн ойлгуулах хэрэгтэй. Ер нь дээд сургуулийн насны хүүхэддээ “чөлөөтэй давхих” бололцоо олгох нь түүний хувийн хариуцлагыг сулруулах хандлагатай байдаг. Үүнд авах арга хэмжээ гэвэл, дээд сургуулийн төлбөрийнх нь талыг та, талыг нь хүүхэд тань өөрийнхөө хөдөлмөрөөр олдог байж болох юм. Энэ тохиолдолд хүүхэд тань мөнгөний үнэ цэнэ болоод өөрийнхөө хөдөлмөрийг үнэлж сурна. Тэгээд их сургуульд үр дүнтэй, чанартай суралцаж эхлэх нь гарцаагүй юм.
 
Өөртөө зорилго тавин, түүндээ хүрэхийн тулд шургуу ажиллаж, бидний ажил үйлс маань бусдад яавал ашиг тустай байх бол гэдгийг олж мэдэн, тодорхой зорилгоор мөнгө хэмнэн хуримтлуулж, мөнгийг ухаалгаар зарж зарцуулах явдал бол амьдралдаа амжилт олохын томоохон нөхцлийг бүрдүүлдэг юм. Сайн эцэг эх байна гэдэг бол хүүхдүүддээ багаас нь эхлэн ийм хүмүүжил олгохыг хэлнэ. 
 

Сэтгэгдэл үлдээх

21:07 , 2010-12-08 .. Бичсэн: Зочин
brlalaa saihan zoblomj bna debsger ongoo tsagaan bolgolmoor sanagdlaa

19:44 , 2010-01-29 .. Бичсэн: hatsantalh
Iim unguur bichvel jinnhen amjiltand hurah um bnadaa...

16:54 , 2008-10-24 .. Бичсэн: galbaatar
энэ хэрэгтэй бичлэг байна, даанч би уншиж чадснгүй, хар дээр хараар байгаа болхоор. би бас нүдээ хайрлалаа.

харагдахуйц өнгөөр бичлэгээ засвал баярлана аа happy плс

{ Сүүлийн хуудас } { 1 -р хуудас Нийт хуудасны тоо: 8 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

http://www.ozone.mn
http://internom.mn
http://www.open-government.mn/mn/index.php
http://yep.mn/

Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Хувийн санхүүгээ авч явах 12 тулгуур элемент
Hyatad gedeg ug mongolchuud bidniig nerlej baijee
Mongolchuudiin tuuh haanas ehlew?
Bid bugd Hyataduud...
Soyombiig halah tsag bolson...

Найзууд

Tsogtbaatar




:-)
 
xaax